Баянлиг сум анх БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор 1943 оны 3-р сард Богд, Баянговь сумаас 6 баг, 4 өрх, 1200 орчим хүн амтай, бог голдуу 60500 гаруй толгой малтайгаар тасран байгуулагджээ.Сумын анхны хоршооны салбар 1938 онд, бага сургууль 1944 онд, эмнэлгийн сувилагчийн салбар 1939 онд, бага эмчийн салбар 1943 онд, соёл хүмүүжлийн төв улаан булан 1946 онд тус тус байгуулагдсан байна.Тус суманд газар тариалан эрчимтэй хөгжиж байсан бөгөөд 1945 онд тариалангийн талбайгаас 60.4 тн ургац хураан авсан нь 1939 оныхоос 17.2 дахин өссөн байжээ.
Баянлиг сум нь физик газар зүйн хувьд далайн түвшнээс дээш 3957 м өргөгдсөн Их Богд уул, 2086 м өргөгдсөн Их баян уул, 1790 м өргөгдсөн Бага баян уул зэргээс гадна Дулаан уул, Жарангийн уул, Их Халбаганат, Бага Халбаганат гэх мэт олон салбар уулстай. Далайн түвшнээс дээш 1420 м өргөгдсөн Хатан суудал хэмээх гойд сонин тогтоцтой уул байдаг.
Баянлиг сумын нутагт жилд дунджаар өвөр хоолой, тал газарт нь 100 мм, уул нуруудад 150 мм орчим хур тунадас унадаг. Тус сумын нутагт тодорхой давтамжтайгаар 1-2 жил түүнээс ч урт хугацаагаар бороо хур орохгүй гандах тохиолдол олон байдаг. Улсын архивын болон сумын захиргааны судалгаанаас үзэхэд 1944-1945, 1951-1952, 1960-1961, 1964-1965, 1969-1970, 2001-2002 онуудад цаг хүндэрч зудын байдалд орж байжээ.
Говийн бүсийн модлог ургамал заг, сухай, хайлаас, тоорой, харгана, торлог, буйлс, нохойн шийр, хармаг, хулан хуйр, бутлаг ургамал улаан, цагаан, шар бударгана, багалуур зээргэнэ, бажууна, ортууз, шаваг, тэсэг, ботиул, хамхуул, өвслөг ургамал хялгана, таана, хөмүүл, хиаг, сахилдаг, дэрс, хулс cyхaй, лидэр ургадаг.Мөн цулхир, хармаг, гоёо, тэмээн хөх зэрэг хүнсний ургамал, жимс ургадаг.
Баянлиг сумын нутагт ан гөрөөс, араатан мэрэгчид, жигүүртэн, хэвлээр явагчид, махчин амьтан олон байдгийн дотор дэлхийд ховордож улаан номонд орсон хавтгай, хулан, ирвэс, шилүүс ч байдаг.
Геологи хайгуулын судлагаа бүрэн хийгдээгүй боловч чулуун нүүрс, шатдаг занар, зэс, вольфром, марганц, жонш, анар, мана, цахиур, барилгын материалын болон төрөл бүрийн шороон будаг элбэгтэй.
Баянлиг сумын Богдын цагаан нурууны Цагаан агуйн баруун, зүүн усны Цагаан цахирын бууцат агуйгаас чулуун зэвсгийн үеийн олдвор, тэр үед хүн амьдарч байсныг нотлох баримтууд олдсон билээ. Чулуун зэвсгийн үеийн дархны олдворт Цагаан агуй, төмөрлөг боловсруулж эхэлсэн архелогийн түүхэн дурсгалт Зоог, Зуухын /газрын нэр/ зэс хайлуулах зуух, Баянгийн уулын Бичигтийн хадны сүг зураг зэрэг түүхийн дурсгалт газруудтай.
Монгол орны баруун хойт хязгаараас зүүн урагш туулж, дотор газрыг зорин одох эргэлчин мөргөлчин, худалдаачдын гол зам болох “Наймаа” буюу “Торгоны зам” Баянлиг сумын нутгийг босоо тэнхлэгээр дайрч өнгөрдөг.
Монгол улсын гавъяат тамирчин, чөлөөт бөхийн ахмадуудын дэлхийн аварга Ц.Нацагдорж, гавъяат багш, доктор профессор Д.Банди, шинжлэх ухааны доктор, профессор Д.Нэргүй, доктор Ш.Дашзэвгэ, О.Минжмаа, спортын мастер улсын начин Д.Сүхбат, хошууч генерал Ж.Ишдорж, хурандаа С.Саадэлэг, Д. Чимэдцэрэн, П.Ням, Ж. Шарав, улсын сайн малчин хөдөлмөрийн баатар Ч.Сугар-Очир, Улсын сайн малчин Д.Аюур, Д.Санги, Б.Дашдондог, Ж.Гянхар, Ж.Сангидорж, Улсын аварга малчин Х.Балжир, Ц.Жанцан, Б.Дашдорж, Улсын аварга мэргэжилтэн Д.Өлзий-Орших, Залуу аварга малчин С.Цэцгээ, “Баянлиг” компанийн захирал Л. Олонбаяр нарын зэрэг олон алдартнууд төрөн гарсан.Тус сумын харъяат Г.Шар, С.Чимэдпүрэв, Д.Санги, Д.Чимэдбат, Д.Санги, Д.Аюуш нар эх орноо хамгаалах ариун үйл хэрэгт оролцож явсан гавъяат үйлстнүүд юм.